Мэдээ

Газрын тосонд ууссан хийн тухай

      Байгалийн хийг байгалийн хийн орд, конденсатын орд болон газрын тосны ордоос олборлодог. Мөн байгалийн хий нь нүүрсний давхаргад метаны хий байдлаар хуримтлагдан оршдог. Хийн ордын хуримтлалын найрлагын ихэнх хэмжээг байгалийн хий, багахан хэсгийг газрын тос эзэлдэг бол конденсатын ордын найрлаганд байгалийн хийтэй хамт бага молекул жинтэй нүүрстөрөгчид дагалдана. Харин газрын тосны ордоос олборлогддог хий нь газрын гүнд газрын тосны хураагуурын дээд хэсэгт хуримтлагдсан буюу associated gas эсвэл газрын тосондоо ууссан байдалтай буюу dissolved gas хэлбэртэй байдаг. Түүнчлэн байгалийн хийг хүхэр багатай (sweet gas), хүхэр ихтэй (sour gas) болон хүчиллэг хий гэж ангилдаг. Байгалийн хийг үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний зориулалттай хий болгон боловсруулахын тулд эхлээд хүчиллэг хий болох устөрөгчийн сульфид, нүүрстөрөгчийн диоксидоос ялгана. Үүний дараагаар азот, хүхэр, усны уур болон бусад элемэнтүүдээс салган цэвэршүүлж өндөр даралтын дор хөнгөн шингэрүүлэн баллонд шахан хэрэглээний бүтээгдэхүүн болгон боловсруулдаг. Өнөөгийн байдлаар дэлхий дахинд ашиглагдаж буй хий боловсруулах байгууламжийн түүхий эдийн орцын хамгийн бага хэмжээ нь өдөрт дунджаар 165000м3 буюу ийм төрлийн үйлдвэрийн хүчин чадал нь 50000тн/жил (60сая м3) байна.

      Манай улсын хэмжээнд ашиглалтын олборлолтод шилжсэн газрын тосны гурван ордын хувьд хий нь ууссан байдалтай агуулагддаг бөгөөд хүхэр багатай ангилалд хамаарагддаг. ЭБЭХ-ний сайдыг 2010 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 41, 2011 оны 6-р сарын 21-ний өдрийн дугаар 148 тоот тушаалаар газрын тосонд ууссан хийн баталгаат нөөцийг 6,98 тэрбум м3-ээр, боломжит зэрэглэлийн нөөцийг 2,98 тэрбум м3-ээр тус тус Монгол Улсын ашигт малтмалын нөөцийг нэгдсэн санд бүртгэсэн.

      Тамсаг болон Тосон-Уулын сав газраас олборлосон газрын тосыг ус болон металл хольцоос салгах явцад хамт ялгарах ууссан хийн хэмжээ нь дунджаар хоногт 35000м3 хий ялгарч буй нь үйлдвэрлэлийн зориулалтаар цаашид боловсруулах боломжгүй бөгөөд БХГ-ний 9 дүгээр зүйл болох Хийн бийн бүтээгдэхүүн хуваалтын 9.1-д “Нээлтийн цооног буюу хий олборлох бололцоотой үр ашигт нээлт олдвол (түүхий тостой хамт эсвэл өөр байдлаар) хийг олборлох борлуулах төслийг хэрэгжүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзэх нэг буюу хэд хэдэн зах зээл Монгол улсад эсвэл хилийн чандад байгаа эсэхийг тогтоох зорилгоор аль нэг талынхаа хүсэлтээр Засгийн газрын төлөөлөгч, гэрээлэгч хоёр уулзана” гэж заасанд үндэслэхэд газрын тосыг анхан шатны боловсруулалтад оруулах явцад ялгарч буй хийг үйлдвэрийн зориулалтаар боловсруулахад эдийн засгийн хувьд үр ашиггүй байна.

      БХГ-ний 3 дугаар зүйл “Эрх олгох тухай”-д “гэрээт талбайд үйлдвэрлэсэн аливаа газрын тосыг газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд ашиглах” хэмээн заасны дагуу Тосон-Уул талбайд байрлах анхан шатны боловсруулалтын нэгдсэн байгууламжид ялгарч буй хий ойролцоогоор 1/3-тэй тэнцэх хэмжээний хийг тус байгууламжийн 3 генераторт шатааж үлдэгдлийг үлдэгдлийг олон улсын жишгээр бамбар буюу gas flare, flare stack-аар шатааж байна.

Эх сурвалж: ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.