Мэдээ

Н.Баатаржав: Гэр хорооллыг хийн түлшээр хангавал утаа 90-98 хувиар буурна

Өнөөдөр “Хийн түлш, хөгжлийн ирээдүй-2017” нэртэй онол практикийн хурал салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн хүрээнд болж өнгөрлөө.

Экологийн цэвэр, эдийн засгийн үр ашигтай хийн түлшийг Монгол улсад нэвтрүүлж, ард иргэдийн дунд хэрэглээг бий болгох үйлсэд 25 жил зүтгэж буй “Дашваанжил” компани ойгоо угтан энэхүү хурлыг зохион байгуулсан юм.

Хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ОБЕГ, НМХГ зэрэг төрийн байгууллагаас гадна салбарын эрдэмтэн судлаачид оролцон хийн түлшний өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага, хийн түлшээр дамжуулан нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар хэлэлцэв.

Тухайлбал,

ШУТИС-ийн хүндэт профессор, МУ-ын зөвлөх инженер З.Төмөрбаатар “Манай орны нүүрсний давхаргын метан хийн нөөцийг үнэлэх, таамаг нөөцийн судалгааны тойм”,

“ШХААЭХ” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Баатардорж “Шингэрүүлсэн хийн түлшний салбарын өнөөгийн байдал, хөгжүүлэх арга зам”, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Цээпил “Агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ “Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслүүдэд байгалийн хий ашиглах тухай” зэрэг сонирхолтой илтгэлүүд тавилаа.

“Хийн түлш, хөгжлийн ирээдүй-2017” онол практикийн энэхүү хурал Улаанбаатар хот болон бусад төв суурин газруудын гамшгийн хэмжээнд хүрсэн утааг арилгахад ахуйн болон үйлдвэрлэлд хийн түлшний технологийг нэвтрүүлэх, тэр дундаа манай оронд хийн хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийг яаралтай эхлүүлэх шаардлагатайг бизнес эрхлэгчид болон холбогдох мэргэжлийн яамдын төлөөлөгчид онцолж байлаа.

Энэ үеэр “ШХААЭХ” ТББ-ын тэргүүн, “Дашваанжил” компанийн Ерөнхий захирал Н.Баатаржавтай уулзаж ярилцлаа.

 

Н.БААТАРЖАВ: ХАРАМСАЛТАЙ НЬ ШУ-НД ХАТУУ ТҮЛШИЙГ ШАТААГААД УТААГҮЙ БОЛГОДОГ ТЕХНОЛОГИЙН НЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ БАЙНА

 

-“Хийн түлш хөгжлийн ирээдүй” онол практикийн хурлыг яагаад санаачлах болов?
-Манай компани 1992 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд “Дашваанжил” хувиараа эрхлэх аж ахуй нэртэйгээр анх байгуулагдсан. Өнөөдөр компани байгуулагдсаны 25 жил, хийн аж ахуй эрхэлсний 20 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд өнөөдрийн хурлыг зохион байгуулж буй юм. Хурлаар хийн түлшний өнөөгийн нөхцөл байдал болоод ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэж байна. Мөн Монгол улсад гамшиг болоод байгаа утааны асуудлыг хийн түлшээр хэрхэн шийдэх, бид ямар оролцоотой байх ёстойг мөн хөндөж байна. Бид иргэдийг үйлдвэрлэл болоод ахуй амьдралдаа хийн түлшийн хэрэглээг нэмэгдүүлж, хэвшүүлэх зорилгоор Монгол улсын 21 аймагт хий цэнэглэх станцыг ашиглалтад оруулж, “Хийн хангамжийн сүлжээ”-г байгуулсан.

Ингэснээр нийт Монголын иргэд хийн түлшээ горимын дагуу ашиглах, тээвэрлэх, түлшээр ажиллах бүхий л технологид суралцах боломжууд нээгдэж буй юм. Эдгээр ажлаа сурталчилж төрөл бүрийн ажил зохион байгуулдгийн нэг нь өнөөдрийн хурал юм. Мөн Онол практикийн бага хурал зохион байгуулахыг манай ШУТИC-ийн зөвлөх профессор, доктор Ж.Цэвээнжав гуай санаачилсан. Тэрбээр “Монголын ирээдүй бол хийн түлш юм. Бид бусад орны адил хийн түлшээ хэрэглэж байж утаанаас сална гэдгийг та бид мэдэж байгаа. Тиймээс эрдэмтэн судлаачид, холбогдох яамд, мэргэжлийн агентлагуудыг хамарсан томоохон хэмжээний онол практикийн хурал зохион байгуулаач ээ” гэх зөвлөгөөг өгсөн. ШУТИС-ийн А.Баасанжаргал багш Монгол улсад хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулахад хамтаръя хэмээн бидэнтэй нэгдэн ажилласан.

-Хийн түлшний хэрэглээгээр дамжуулан агаарын бохирдлыг бууруулах тухай хурлаар хэлэлцэж байсан нь анхаарал татсан. Жаахан тодруулахгүй юу?
-Агаарын бохирдлыг бууруулах бүх технологийг бид судалсан. Хэрэгжүүлээд эхэлж байгаа. Гэхдээ манай төр засгийнхан, гадаад дотоодод сурч, ажилласан хэн бүхэн агаарын бохирдлыг дэлхийн улс орнууд хийн түлш ашиглан бууруулж байгааг мэддэг. Мэддэг болоод 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Сүүлийн арваад жилд Япон, Солонгос, Европын зарим улс хийн түлш ашиглан агаарын бохирдлоо бууруулж байна. Тэр ч утгаар дэлхийд хэрэглэж буй технологийг бид амьдралд бүрэн нэвтрүүлж утаанаас салж чадна.

 
previous arrow
next arrow
Shadow
Slider

-Шингэрүүлсэн хийн түлшний салбарт тулгамдаж буй асуудал юу байна?
-Би өөрөө автомашиныг зохион бүтээх инженер мэргэжилтэй. ЗХУ-д энэ мэргэжлээр төгссөн. Тэнд надад ямар мэдлэг олгосон юм гэхээр машиныг зохион бүтээхэд эдийн засаг, шатахуун зарцуулах байдал, шилдэг технологиуд зэрэг бүх талаас нь авч үзэж, судлахыг сургасан. Тулгамдсан асуудал гэхээр хотыг зөв төлөвлөх тухай ярина. Бид нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчин амьдралаасаа өнөөдрийг хүртэл салаагүй байна. Гэтэл яах аргагүй дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж хотжихоос өөр аргагүйд хүрсэн. Манай хот ЗХУ-ын мэргэжилтнүүдийн буянаар ОУ-ын стандартыг хангасан хот байгуулсан.

Дэд бутэцдээ дулаан, цахилгаан хангамж, бохир усны хангамж, хийн хангамж зэрэг бүгдийг төлөвлөсөн гэж боддог. Гэтэл 2000 оноос хойш хотыг эмх замбараагүйтүүлснээс үүдэн хийн хангамжийг түгээхэд маш төвөгтэй болгосон. Тэгэхээр үе үеийн засгийн газрын албан тушаалтнууд хотоо зөв байгуулж, тэрэнд тулгуурласан хийн хангамжийн төлөвлөгөөг хийх шаардлагатай байна.

-Гэр хорооллыг хийн түлшээр хангахад ямар бэрхшээл тулгарч байна?
-Их бэрхшээл бий. Учир нь тэнд эмх цэгцтэй гудамж маш ховор. Гэр хорооллыг хийн түлшээр хангахын тулд дулааны алдагдалгүй орон сууц барих нь чухал. Гэтэл өнөөдөр XIII зууны үед суудаг байсан гэртээ амьдарцгааж байна. Монгол гэрт дулаан алдалт их. Үнэхээр ашигламаар бол орчин үедээ хөл нийлүүлэн Монгол гэрээ дулаан алдагдалгүй сууц болгон барьж яагаад болохгүй гэж. Яг үнэнийг хэлэхэд бид байшин барьж байна гээд дураараа загнаж ямар ч зай хэмжээ, стандартгүй сууц барьж байна. Үүнийг хуулиар хязгаарлах хэрэгтэй. Хотжилтыг зохицуулах хууль гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Гэр хорооллыг хийн түлшээр хангавал агаарын бохирдлыг хэчнээн хувиар бууруулах боломжтой бол?
-Хийн түлшний ашигт үйлийн коэфицент нь 90-98 хувь гэж үздэг. Шатаахад угарын хий зохих хэмжээгээр ялгарна. Түүнээс өөр утаа гарахгүй. Агаарын бохирдлыг бараг 90-98 хувь хүртэл бууруулна гэсэн дэлхийн туршлага байна. Өнөөдөр хатуу түлшний зуухыг “Утаагүй зуух” гэж нэрлэдэг. Гэтэл физик, химийн шинжлэх ухаанд одоохондоо хатуу түлшийг шатаагаад утаагүй болгодог технологи нэвтрээгүй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.