Мэдээ

Н.Баатаржав: Дэлхийн улсууд халаалт, үйлдвэрлэл, автомашинаас ялгарч буй хорт утааны асуудлаа зөвхөн хийн түлшээр шийдсэн

“Дашваанжил” ХХК-ийн Ерөнхий захирал, Шингэрүүлсэн хийн түлшний аж ахуй эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Баатаржавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Дашваанжил” компани бүх аймаг, зарим сумын төвүүдэд автомашин болон ахуйн баллоныг хийгээр цэнэглэх станцуудыг байгуулсанд баяр хүргэе.  Одоогоор хичнээн салбартай болоод байна вэ?

-Баярлалаа. 1998-2000 онд Монгол Улсын  анхны  төмөр замын вагон цистернээр шингэрүүлсэн хийг хүлээн авах станцыг байгуулснаас хойш  хийн хэрэглээг автомашины түлшинд, дулаан хангамж, бусад технологид манайх анх удаа нэвтрүүлж, хөгжүүлж манлайлж байна. Манай баг хамт олон компанийн үндсэн чиг үүрэг, нийгмийн хариуцлагын дагуу хийн түлш хэрэглэгчдэдээ амласнаа биелүүлж бүх аймаг, суманд  газаар ажилладаг автомашинаар  чөлөөтэй зорчих нөхцөлийг  бүрдүүлж хийн түлшний салбарын анхдагч гэдгээ баталж чадлаа. Одоогоор 50 гаруй салбартай болж байна.

-Энэ жил нийслэлийн утааны асуудал улам аймшигтай байлаа. Хийг (газ) хэрэглээндээ нэвтрүүлснээр утааны асуудлаа шийдсэн гадаад орнуудын жишээ олон байгаа даа. Та энэ тухай олон жилийн өмнө зөндөө л ярьж байсан. Танай компанийг  хийн түлшийг сурталчилж эхлэхэээс л  хийн  хэрэглээний тухай ч сурвалжилж ирлээ?

-Тийм. Америк, Англи, Европын бүх орнууд, Япон, Солонгос,  Хятад зэрэг улсууд зөвхөн газыг халаалт, үйлдвэрлэл хэрэглэж утаагүй орчныг бүрдүүлж байна. Манай компани одоо ч үүнийг сурталчилж байна.

-Саяхан болсон агаарын бохирдлын асуудлаарх Ерөнхий хяналтын сонс­голд  Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилбэл 2024 он гэхэд агаарын бохирд­лоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000-д хүрнэ гэж эрдэмтэн, судлаачид судалгаа, дүгнэлтдээ анхааруулсаар байна” гэсэн?

-Сонсголыг интернэтээс олж харсан л даа. 2014 онд  АШУҮИС Калифорнийн их сургууль, Сөүлийн их сургуультай хамтарч хийсэн судалгааны дүгнэлтийг  Ерөнхийлөгч ярьсан гэж ойлгосон. Утааг арилгах хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч цагаа олж тодорхой хэлсэн. Миний бодлоор дээрх тооноос ч илүү хүний аминд хүрч байгаа байх. Манай оффис Таван шард байрладаг. Өглөө, орой утаа ихсэх үед бие аяндаа ядраад байдаг. Энэ нь утаанд хордож мансуурч байна гэсэн үг л дээ. Гэр хороололд ихэнх хүн ам амьдардаг. Тэд бүгд аймшигтай хордож байгаа. Манай орны тусгаар тогтнолд ноцтой аюул хажууд ирчихээд байна.

-Нийслэлийн хэмжээнд гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай гэсэн захын дүүргүүдэд бий. Тэгэхээр утааны голомтод 200 мянган өрх байгаа гэсэн үг. Энэ 200 мянган янданг яаж алга болгох вэ. Утаанаас хурдан салгах ямар арга байна вэ?

-Утааны асуудлаар зөвхөн Улаанбаатарыг тойруулаад яриад байж болохгүй. Бүх аймаг, сумын төвүүд, бусад хүн ам төвлөрсөн суурингуудын дулаан хангамж, үйлдвэрлэлийг хийн түлшинд шилжүүлэх нь хамгийн оновчтой  шийдэл гэж бодож байна.Энэ бол олон улсын жишиг. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулна гээд өчнөөн хатуу түлш, утаагүй зуух, цахилгаан халаагуур  худалдах төсөл хэрэгжүүлсэн. Хийн тухай төрийн өндөрлөгүүдээс хэн нь ч ярьж байгаагүй. Сая Ерөнхийлөгч ч хийний тухай ярьсангүй. “Шинжлэх ухааны үндэслэлтэй зөв шийдэх хэрэгтэй” гэж ярьсныг би “Хийгээр шийдэх хэрэгтэй” гэж хэлсэн болов уу гэж ойлгож байгаа. Уг нь шууд хийн түлшинд шилжүүлэх хэрэгтэй гээд хэлчихгүй дээ гэж бодох юм.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оны хооронд улсын төсвөөс 170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104.7 сая ам.доллар зарцуулаад байгаа ч ямар ч үр дүн гарсангүй. Энэ их мөнгийг шингэрүүлсэн хийн салбарыг дэмжих замаар агаарын бохирдлыг бууруулсан бол?

-Өнгөрсөн жилүүдэд  утаагүй зуух, утаагүй шахмал түлш, цахилгаан халаагуур гэх мэт дэлхийд гайхагдахаар утгагүй төсвүүдэд  мөнгө үрсэн нь туйлын харамсалтай. Утаа гаргадаггүй шахмал хатуу түлш, хатуу түлшний зуух гэдгийг физик, химийн шинжлэх ухаан одоохондоо нотлоогүй байгаа. Манай улсын  цахилгааныг нүүрсээр ажилладаг цахилгаан станц үйлдвэрлэж байгаа. Цахилгаан станцуудаас гарч байгаа утаа эргээд биднийг хордуулж байгаа. Цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утааг ажиглаарай, салхины аясаар зүглэсэн зүгтээ доошоо унаж бид түүгээр амьсгалдаг. Нүүрсний үнсэнд цацраг идэвхт хорт бодис байдаг. Бид бүгдээрээ цацраг идэвхт бодист  хордож байгаа. Үүнийг хавдар судлалын эмч нар тогтоочихоод хавдрын эмчилгээгээ дийлэхгүй, үгээ хэлж байна. Энэ мөнгийг шингэрүүлсэн хийн компаниудад хувааж олгоод нийслэл болоод Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санхүүгийн хяналт тавиад хамтраад ажилласан бол утааг бууруулах зохих хэмжээний эхлэл тавигдаж, үлгэр жишээ болох байсан.

-Утаагүй зуух, түлш, гэр дулаалах, шөнийн цахилгаан, яндангийн шүүлтүүр, нүүрс угаах гэх мэт маш олон санал санаачилга гарч, эхнээсээ ажил хэрэг болдог ч ямар ч үр дүн гардаггүй нь юутай холбоотой вэ. Агаарын бохирдлыг бууруулна гэдэг том ажлыг дагасан ашиг хонжоо хайгч бизнесийн бүлэглэл байна гэдэгтэй та санал нэгдэх үү?

-Бүлэглэл байгаа эсэхийг  мөрдөн байцаагчид, хуулийн байгууллагын мэдлэгтэй хүмүүс тогтоох байх. Улаанбаатарын утааг арилгах нь ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгах, хотын зөв  төлөвлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа юм. Энэхүү иж бүрэн, цогц бодлоготой, шинжлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр түр зуурын аргацаасан, ажил хийж байгаа нь үр дүнгүй байна.

-Шингэрүүлсэн шатдаг хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо (ШШХААЭХ)-ны Удирдах зөвлөлийн даргын хувьд нийслэлийн утааг бууруулахын тулд танай холбоо ямар арга хэмжээ явуулж байгаа тухай болон гарсан үр дүнгүүдээсээ танилцуулбал зүйтэй байх?

-Манай холбоо 2006 онд  байгуулагдсан. Засгийн газрын яамдуудад хийн аж ахуйг хөгжүүлэх, хийн хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой саналуудыг  хүргүүлж шийдвэрлүүлдэг. Үүний үр дүнд Засгийн газраас  2006 оноос Гааль, НӨАТ-аас чөлөөлсөн нь хамгийн зөв шийдвэр байсан учраас хийн түлшний үнэ байнга тогтвортой байдаг. 2013-2016 онд Засгийн газарт бид хийн түлшний ахуйн хэрэглээг нэмэгдүүлэх, хийн түлшээр ажилладаг автомашиныг хийгээр цэнэглэх станц байгуулах санал дэмжигдэж багахан хэмжээний төсөвтэй тендер шалгаруулсан нь “Далайд дусал нэмэр” болж  иргэдийн  хийн түлшний  хэрэглээ, хийгээр ажилладаг автомашины тоо нэмэгдэж ач холбогдлоо өгсөн. Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд  хийн аж ахуйнууд хөнгөлөлттэй үнээр 4875 өрхөд ахуйн хэрэглээний хийн плитка, хийтэй баллон тараасан нь хийн түлш хэрэглүүлэх зохих хэмжээний сурталчилгаа болсон.

Бидний саналыг  Засгийн газраас дэмжиж  2016-2020 онд Шингэрүүлсэн хийн хэрэглээг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжих тогтоолуудыг баталсан. Одоо хэрэгжүүлэх баг, механизмыг бүрдүүлэх л үлдээд байна. Энэхүү тогтоолуудыг хэрэгжүүлж эхэлснээр нийслэл болон бусад аймаг, сумын хийн хангамжийн асуудлууд шийдэгдэж нийт хүмүүс ойлгодог болж утаанаас салах эхлэлүүд тавигдана гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд манай хийн аж ахуйнууд зогсолтгүй, завгүй ажиллаж байна. Харин 2016 оны аравдугаар сард газаар ажилладаг автомашины татварыг нэмэгдүүлснээр хийгээр ажилладаг автомашины хэрэглээ буурах тийшээ хандсан. Гэхдээ Засгийн газар энэ шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна.

-Шингэрүүлсэн хий буюу газыг өдөр тутамдаа ашигладаг хичнээн өрх айл, албан байгууллага байдаг вэ. Сүүлийн жилүүдэд тоо нь нэмэгдсэн гэж дуулдсан?

-Харьцангуй ихээр нэмэгдэж байгаа.

-Шингэрүүлсэн хийг өөлдөг нэг зүйл нь “Дэлбэрчихвэл яана” гэдэг бүдүүлэгдүү гэмээр болгоомжлол л доо. Гэтэл дэлхийн хөгжингүй улс орнууд бүгд газаар асуудлаа шийдэж байна шүү дээ?

-Дэлхийн улс орнуудын иргэд  хийн түлш хэрэглэж байгаа нь манайхан нүүрс, аргалаа түлж байгаатай адилхан. Нүүрс түлж байгаад угаартаж үхдэг тохиолдол манайд бишгүй л байсан. Тэглээ гээд нүүрсний уурхайг буруутгахгүй. Нүүрс, цахилгаанаар халааж байгаад байшингаа галдчихсан зөндөө хүн, аж ахуйн нэгж бий. Тэглээ гээд цахилгааг, нүүрсээр хангадаг байгууллагыг буруутгадаггүй. Нүүрсээр ажилладаг уламжлалт зуух, пийшин, цахилгаан, хийгээр ажилладаг халаагууруудыг ажлын байр, үйлчилгээний газрыг тохиромжтой хэмээр халаахад зориулагдсан учраас буруу ашиглавал аль аль нь аюултай. Бензин, дизель, нүүрс,  бусад нүүрс, гурил, цементийн тоосонцор, бүх төрлийн нүүрс устөрөгчийн хий орчны агаар (хүчилтөрөгчийн)-ын тодорхой хувийг эзэлсэн холимог оч гаргасан нөхцөлд бүгдээрээ дэлбэрнэ.

Автомашин унаж яваад осолдвол тэр автомашины үйлдвэр, худалдсан хүний  буруу биш. Хувь хүн, хэрэглэгч, жолооч нь өөрөө хариуцдаг. Зарим иргэддээ “Хийн аж ахуй эрхлэгчдийн өмнөөс газ хэрэглэж байгаа юм шиг зан битгий гаргаарай” гэж зөвлөж байна. Иймээс заавал Засгийн газар гэлтгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүд  хийн түлшийг хэрэглэж утааг багасгахын төлөө бидэнтэй хамтдаа хичээх хэрэгтэй. Гэхдээ төр засгаас хийн түлш хэрэглэхийг дэмжиж бидэнтэй хамтарсан сурталчилгаа явуулах нь илүү үр дүнтэй болно. Биднийг сурталчлаад байхаар “Танай бизнес, та нарын ажил” гэсэн ойлголт иргэдийн дийлэнхэд, төрд ажиллаж байгаа хүмүүс болон хэвлэл мэдээллийнхний дунд байна. Бид “Нийтээрээ хамтдаа эко орчинг бүтээе” л гэсэн уриатай ажиллаж  байна. Гэхдээ банкнаас зээл аваад аж ахуй эрхэлж байгаа болохоор өртгөө нөхөхөөр ажиллах нь бидний бодлого, хэний ч бодлого л доо.

-Бүр тодруулж асууя л даа. Танай холбооныхон нийслэлийн утааг багасгахад бодитой ямар ажил хийж байна вэ?

-Бид нэг холбооныхон боловч хоорондоо байнга өрсөлдөж ажилладаг аж ахуйн нэгжүүд учраас тэдний бизнесийн нарийн нууцыг би мэдэхгүй.  Манайх хийн түлшний Үндэсний анхдагч гэдгээрээ дэлхийн улс орнуудын хэрэглэж байгаа бүх технологи, тоног төхөөрөмжийг судалж, олон улсын хийн хангамжийн  туршлагатай компаниудын инженерүүдийг урьж  “Хийн хангамжийн зураг төсөл хийх”, “Хийн хангамжийн холболт угсралт хийх” төлбөртэй сургалт зохион зөвлөгөө авч ажилчдаа дагалдуулан сургаж бэлтгэж байна. Ажилчдаа мэргэшүүлэх чадавхжуулах зорилгоор  “Gas education” нэртэй Сургалтын төвийг ажиллуулаад олон жил болж байна. Манай ажиллагсад  2008 оноос хийн халаалтын зуухнуудыг сурталчилж суурилуулахаас гадна үйлдвэрлэлийн хийн хангамжийг судлаж, аж ахуйн нэгжүүдэд санал тавьж сурталчилж байна. Хийгээр ажилладаг автома­шиныг оношилж байна. Мөн хийн плитканууд үйлдвэр­лэж байна. Хот дотор үйл­чил­гээнд ажилладаг дизель хөдөлгүүртэй автома­шинуудад хийн түлшээр хосолж ажиллах төхөөрөмж суурилуулж байна. Ингэснээр дизель хөдөлгүүрээс ялгарах хорт утаа 60 хувь буурдаг, түлш хэмнэдэг гэсэн дүгнэлтийг Авто тээврийн оношлогооны төв 2014 онд хийсэн. Эдгээр ажлуудыг хийхэд бид их хэмжээний зардал гаргадаг ч энэ бол бидний нийгмийн хариуцлага.

-Тэгвэл заавал төр засаг гэхгүйгээр та нар угсраад өгчихвөл нийслэл болон бусад  аймгийн төвийн иргэд өөрсдөө хийн түлшийг халаалтдаа хэрэглээд утаагүй болчих юм биш үү?

-Шингэрүүлсэн хийг баллоноор зөөгөөд, эсвэл томоохон сав суулгаад төв суурин газруудыг хэсэгчлэн халаадаг. Баллоноор бүх айл руу зөөнө гэвэл зардал ихтэй. Заавал хийн хангамжийн шугам сүлжээ байгуулна. Хот төлөвлөлт бусад дэд бүтцийн төлөвлөлттэй уялдуулна. Ийм учраас хот, аймаг, сумдын удирдлага, архитекторууд болон төсөв санхүү, газрын харилцаанаас  шалтгаалан холбогдох яамдууд, агентлагууд зайлшгүй оролцох  болж байна. Энэ асуудлыг дан ганц хийн аж ахуй шийдэх боломжгүй юм.

-Гэхдээ халаалт болон үйлдвэрлэлд хийн зуух суурилуулсан тохиолдол ховор байна уу даа гэж харагддаг шүү?

-Энэ үнэн. Бид тайлбарлаад зөндөө сурталчилдаг боловч суурилуулах анхны зардлыг нүүрсний  үнэтэй харьцуулаад больчихдог.

Манайхан дараахь хэдэн зардлыг сайн тооцохгүй байна. Нэгдүгээрт, нүүрсэнд эрүүл мэндээ хохироосон (төрөл бүрийн өвчин тусна г.м). Хоёрдугаарт, утаанаас үүдэлтэй өвчин эмчлэх (ажлаас чөлөө авах, эм, эмнэлэгт төлбөр төлөх г.м). Гуравдугаарт, урагт нөлөөлснөөр зулбах, тахир дутуу хүүхэд төрүүлэх. Дөрөвдүгээрт, утаанаас бохирдсон хувцас угаах (ус, цахилгаан, угаалгын бодис, индүүдэх зардал, цаг хугацаа,  хувцасны элэгдэл) гэх мэт. Тавдугаарт, үнс хогноос үүссэн орчны бохирдлоос машин техник, барилга, зам талбай цэвэрлэхэд зардлууд талийж өгнө шүү дээ. Тэгэхээр нүүрс, хүний аминаас үнэтэй байгаа биз. Европын орнууд нүүрсний уурхайнуудыг бүр хааж байгаа. Польш нүүрсээр баялаг. Өнөөдөр Брестийн хил дээр (Беларусь) Польш руу гарч байгаа шингэрүүлсэн хийтэй вагон хэдэн мянгаараа оочерлож байна. Тэд энэ хийг халаалт, үйлдвэрлэлд хэрэглэдэг юм.

-Ер нь яаж ажиллавал Улаанбаатарыг хийгээр хангаж утаагүй болох вэ. Хотын түгжрэлийг хэрхэн багасгах вэ?

-Хот төлөвлөлтөөсөө эхэлнэ. 1980-аад онд барил­гажиж эхэлсэн Улаанбаатар хотын хорооллуудыг байгуулахдаа хийн хангамжийг нөхөж хийхээр төлөвлөснөөс гадна  хэдэн айл, хэдэн  насны хэдэн хүүхэдтэй байхыг тооцож сургууль, цэцэрлэгийг иж бүрэн барьсан. Хүүхдүүд  байрнаасаа гарангуут л  шахуу сургууль, цэцэрлэг рүү орчихдог байсан. 0-3 насны хүүхдүүдээ 10 алхаад л яслид нь өгдөг байсан. Ингэж төлөвлөснөөр насанд хүрэгчид хүүхдэдээ санаа зовохгүй, санаа амар ажлаа хийдэг амьдрах нөхцөлийг төрөөс бүрдүүлдэг байсан юм. Өнөөдөр  шиг хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хаа хамаагүй зөөж цаг алдаж иргэд, хүүхдүүд түгжрэлд, автомашин болон нүүрсний утаанд хордож ядарч, стресст орж сэтгэцийн өвчтэй болж байна.

Иймд Ерөнхийлөгчөөр удирдуулсан Их хурлын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, эрдэмтэд, архитекторууд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, прокурор, шүүх, цагдаа, АТГ, хийн хангамж, цахилгаан, дулаан, ус хангамж, авто зам, инженерүүдээс бүрдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, багийн жинхэнэ гишүүдийг бүрдүүлж үндсэн ажлаас нь чөлөөлж томилоод, тангараг өргүүлээд, утааны асуудлыг маш хурдтай шийдвэрлэх хэрэгтэй.

Түүнээс тэгж ингэж хийдэг, энэ яам тэр агентлаг мэднэ, Ашиг сонирхлын тухай хууль зөрчиж байна гээд яриад бичээд байвал байдал огт өөрчлөгдөхгүй. Энэ баг ажлаа хийж байх явцад яг маргаашнаас нь эхлээд нийслэл, аймаг, сумын төвүүд бие даасан халаалттай нүүрсээр ажилладаг усан халаалтын зуухаар солих хэрэгтэй. Манай компани өчнөөн жил судлаад бэлдчихсэн байгаа. Хувь, улсынх ялгаагүйгээр Ерөнхий сайдын гаргасан 2019 оны тавдугаар сараас нийслэлд “ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛАХГҮЙ” гэсэн тогтоолыг хэрэгжүүлэх ажил хэрэгч ажлын хэсэг байгуулах хэрэгтэй байна. “Болсон нүүрс” гэдэг үгийг үгсийн сангаас авч хаях хэрэгтэй.

-Ямартаа ч ард түмэн болоод төр засгийнхан маань энэ ярилцлагаас хийн түлш, хийн салбарын талаар тодорхой мэдээлэлтэй болж чадлаа гэж бодож байна шүү?

-Сүүлийн үеийн мэдээгээр манай улсын газар нутгийн 22.3 хувь нь цөлжиж байгаа гэсэн мэдээлэл бий. Бүх аймаг, зарим сумдад Хийн хангамжийн станцуудыг манай хамт олон байгуулж чадсан. Энэ жил уг ажил төлөвлөгөөтэйгээр үргэлжилж байна. Цөлжилт, утааны эсрэг бүгдээрээ хамтдаа тэмцэж зөвхөн хийн түлшийг халаалт, үйлдвэрлэл, ахуйн хэрэглээндээ хэрэглэцгээе хэмээн НИЙТ ИРГЭДДЭЭ УРИАЛЖ БАЙНА. МОНГОЛ ТҮМНИЙ ГАЛ ГОЛОМТ МӨНХӨД ӨӨДӨӨ БАЙХ БОЛТУГАЙ! 2019 онд хийн хэрэглээгээ ихэсгэж, эко орчныг хамтдаа бүтээж, эрүүл энх, эвтэй найртай байхыг ерөөж байна.

Д.ГАНСАРУУЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.