Шингэрүүлсэн хийн түлш ашиглах үеийн аюулгүй ажиллагаа

Хэрэглэгч та хийн түлш болон хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны заавартай танилцаж, амьдралд мөрдөн хэрэглэсэнээр бидний өмнө тулгамдаад байгаа утааны аюулыг багасгахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа юм.

-Хийн түлштэй баллоныг суурилуулах байрны температур нь +45*C-ээс ихгүй байна. Баллоныг нарны гэрэл, бусад дулааны эх үүсвэрээс хамгаалан халхавчлах. Баллон нь хийн төхөөрөмжөөс 0,5м-ээс багагүй, дулааны радиатор, халаах хэрэгслээс 1м-ээс багагүй зайд байрлах ёстой. Баллоныг гэрийн нөхцөлд ( Монгол гэр ) зуух болон пийшингийн амны харалдаа урд байрлуулахгүй байх, пийшингээс 2м-ээс багагүй зайд байрлуулах.

-Баллон байрлуулсан өрөө, байр нь хий алдагдсан нөхцөлд зайлуулах зориулалтын агааржуулах системтэй байна. Баллоныг суурилуулахдаа түгжээтэй зориулалтын шкаф, эсвэл баллоны дээд хэсэг болон даралт тохируулагчийг хамгаалсан хаалтыг суурилуулна.

-Хийн түлштэй баллоныг барилгын суурийн давхар буюу подвалд байрлуулахыг хориглоно. Баллоныг унагах, хатуу биетээр цохиж гэмтээхээс болгоомжлох.Гэмтэлтэй баллон болон гэмтэлтэй бусад тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.

-Баллоны болон бусад төхөөрөмжүүдийн засварыг зөвхөн ханган нийлүүлэгч байгууллагын мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудаар гүйцэтгүүлнэ. Ажлын ба нөөцийн баллон, тоног төхөөрөмжийн холболтын битүүмжлэлийг савангийн хөөсөөр шалгаж баталгаажуулна. Нөөцөнд байгаа хийн баллоныг зориулалтын агуулахад хадгална. Гэрийн нөхцөлд цэнэгтэй баллон нөөцлөх шаардлагүй.

Хийн плитка ажиллуулахдаа:

-Плитканы бүх хаалтууд хаалттай эсэх, өрөө тасалгаанд хий алдагдсан эсэхийг заавал шалгах хэрэгтэй

-Плиткийг ашигласны дараа хийн плитканы хаалтуудыг гүйцэд хаах хэрэгтэй

-Плиткийг үргэлж цэвэр байлгах, ялангуяа халаах хошууг бохирдохоос хамгаалж байх

Хориглох зүйлс АНХААР !!!

-Бага насны хүүхэд болон аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй хүн ажиллуулахыг хориглоно

-Тулгагүй плитка дээр сав тавихыг хориглоно

-Плитканы хаалтууд нээлттэй үед баллоны хаалтыг онгойлгохыг хориглоно

-Холбох хоолой, хаалтуудыг хатуу биетээр цохиж гэмтээх, хаалтын бариулыг түлхүүр бахь гэх мэт зориулалтын бус зүйлээр эргүүлэхийг хориглоно

-Асаалттай байгаа плиткийг хараа хяналтгүй орхихыг хориглоно. Учир нь буцлаж байгаа шингэн зүйлс нь дэвэрсэн үед плитка унтарч хий алдагдаж дахин асаахад дэлбэрэлт үүсч болзошгүй мөн тос дэврэх үед гал түймэр гарах аюултай !!!

-Плитка дээр тулганы голчийн хэмжээнээс илүү буюу хэт хүнд зүйл (25 кг-аас илүү) тавихыг хориглого

-Ямар нэг засварын ажил хийх, плитканы бүтцийг дур мэдэн өөрчлөхийг хориглоно

-Шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан байранд гэрэлтүүлэх болон өөр бусад зорилгоор шүдэнз, асаагуур асаах, гэрлийн утраалга дарах, залгуурт цахилгаан хэрэгсэл залгаж үл болно.