Нүүрсний шаталт, үйлдвэрлэл аж ахуйн үйл ажиллагааны явцад хорт бодис ялгаран хүрээлэн буй агаарын хэвийн бүтэц, шинж чанарт өөрчлөлт орж улмаар агаарын чанарын үзүүлэлт стандартаасаа хэтрэхийг агаарын бохирдол үүссэн гэж үздэг.
Шаталтаас үүдэн гарч буй агаарын бохирдолыг байгалийн ба хүний эх үүсвэрээс үүдэлтэй гэж ялгадаг. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдол нь үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны явцад төрөл бүрийн хорт бодис агаарт хаягдсны улмаас үүсдэг. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдолд гэр хорооллын утаа, авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа тортогын хэмжээ голчлон эзэлж байгаа нь хүний эх үүсвэрээс үүссэн агаарын бохирдолд орно. Энэ нь цар хүрээгээрээ байгалийн гаралтай агаарын бохирдолыг үзүүлэлтийг давсан байна.
Улаанбаатар хотод 380 мянган өрх амьдарч байгаагийн 43 хувь буюу 164 мянган өрх нь орон сууцанд, үлдсэн 57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байна. Эдгээр 216 мянган өрх айлыг яндангүй болгохоос л утааны тэмцэл эхэлнэ.
Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг РМ2.5 болон РМ10 тоосонцоруудын агууламжаар тодорхойлон хүний биед хэр зэрэг, хэрхэн сөргөөр нөлөөлж буйг тодорхойлдог.
Хүний эрхтэн тогтолцооны өөрчлөлтөд агаар мандалд буй олон төрлийн бодисууд дангаараа болон хамтран нөлөөлдөг. Тэдгээрээс бүх тогтолцоонд сөрөг нөлөөтэй нь РМ2.5 болон РМ10 хорт утаанаас ялгардаг тоосонцор юм. РМ2.5 тоосонцорын агууламж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарснаар хүн амьтны эрүүл мэндэд сөрөг байдлаар нөлөөлнө. PM2.5 бохирдлын хэмжээ 500 микрограмаас хэтэрвэл Удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ гэж үздэг. Нийслэл хотод маань хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй төвшнөөс 27 дахин их байна.
АГААРЫН БОХИРДЛЫН НӨЛӨӨ
Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд шууд бус маш удаан хугацааны туршид бага багаар нөлөөлдөг. Агаарт буй жижиг ширхэгтэй тоосонцор нь уушгины гүнд нэвчиж удаан хугацааны турш хуримтлагдсанаар уушгийг их бага хэмжээгээр гэмтээдэг юм. Энэ нь хүн амын дунд бүх насныханд амьсгалын замын эмгэг үүсгэх байдлаар илэрдэг байна. Үүний дотор хүүхэд, өндөр настан, мөн дархлаа султай өвчлөмтгий хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүс илүү өртөмтгий байгаа юм.
Үүний учрыг тайлбарлавал насанд хүрсэн хүнийг бодвол хүүхэд илүү хурдан амьсгалснаар, агаар дахь хор тэдний хөгжиж гүйцээгүй уушгины эд, эсэд хурдацтайгаар нэвчин орж амьсгалах тоолонд илүү хордох аюултай гэсэн үг.
Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотод хүүхдийн нийт өвчлөлд агаар дахь тоос хамгийн их буюу 38.3 хувиар нөлөөлдөг. Энэ тоог нарийвчлан авч үзэхэд агаар дахь бохирдуулагч бодисууд болох хүхрийн давхар исэл SO2, азотын давхар исэл NO2, нүүрстөрөгчийн дутуу исэл CO, РМ2.5 болон РМ10 тоосонцоруудын нөлөөгөөр хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөлд үзүүлэх нөлөө 93.7 хувь байгааг тогтоожээ.
Иймэрхүү замаар агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд тодорхой эрхтэн системийг гэмтээж бие даасан өвчин үүсгэснээр хүн, амьтан, ургамлын амьдрах үйл ажиллагаанд архаг, хурц хорт байдлаар нөлөөлөөд байна. АГААРЫН БОХИРДОЛ БА АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛ Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7 дахин нэмэгдсэн. Амьсгалын замын өвчин, уушгины хавдар улсын дунджаас мэдэгдэхүйц нэмэгдсэнийг агаар бохирдуулах хорт бодисын хэмжээ, нэр төрөл өссөнтэй холбоотой гэж болно. Сүүлчийн жилүүдэд хүн амын амьсгалын тогтолцооны өвчлөлд хамгийн их буюу 20,2 хувийг хатгалгаа өвчин, үүний дотор 5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаа 70,9 хувийг эзэлж байна. Үүний дараагаар цочмог бронхит (acute bronchitis) ба цочмог бронхиолит (acute bronchiolitis) өвчин орж байгаа нь агаарын бохирдол амьсгалын замын эрхтэнг хэрхэн цочроож байгааг харж болно. Амьсгалын тогтолцооны зарим өвчнийг насны бүлгээр авч үзвэл 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн түвшин бусад насны бүлгийн түвшингээс өндөр байна. Тухайлбал, хатгалгаа өвчин гэхэд бусад насны бүлгийн хүн амын дундажтай харьцуулахад 15,6 дахин, харин цочмог бронхит өвчлөлийн хэмжээ 30,2 дахин их байна. Энэ мэтчилэн өвчлөлийн тоо нэмэгдсэн гэсэн маш олон мэдээ сурвалжууд байна. Улаанбаатар хотын утаа суунагласан, амьсгалын замын өвчлөлүүд хэвээр байх нь.
АГААРЫН БОХИРДОЛ БА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ
Монголчууд бид Эрүүл мэнд эрхэм баян, мөн Хүн болох багаасаа гэж ярьцгаадаг. Хүн амьтны эрүүл явах, өсөн хөгжих үндэс бол бидний амьсгалж буй энэ агаар юм. Гэвч агаарын бохирдлын асуудал яригдсан цагаас хойш Монголын ирээдүй болсон хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хөгшид хорт утааны нөлөөллийн бай болсоор л байна.
Үндэсний хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна. Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна.
Бохир агаар нь ураг болон 5 хүртэлх насны хүүхдэд сөрөг нөлөөтэй, цаашлаад ужиг өвчин, нярайн эндэгдэл, нялхсын эндэгдлийн шалтгаан болдог гэж нотолсон байдаг . Монголд өвөл зуны хооронд тэмдэглэгдсэн үр зулбалт 3,5 дахин нэмэгдсэн нь харамсалтай. Амьсгалын тогтолцооны өвчлөлөөр 5 хүртэлх насны хүүхэд ихээр өвчилж байгаа нь хүүхдийн цээжний хэнхэрцэг, өрц сул хөгжилтэй байдгаас уушгины агааржилт муу, уушгины үлдэгдэл агаарын эзлэхүүн бага байдагтай холбоотой юм.
Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрээд байна. Үүний хажуугаар хүүхдийн эмчилгээний зардал, өвчтэй хүүхдээ асраад буй асран хамгаалагчын ажлын чөлөөний асуудал гээд нэгээр зогсохгүй санхүүгийн зардлыг дурьдаж болох юм.