Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хийн түлшний салбарын анхдагч “Дашваанжил” компанийн үйл ажиллагаатай танилцаж зочиллоо. Энэхүү уулзалт нь БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2017 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын үйл явцтай салшгүй холбоотой юм. Тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай ба нийтийн хэрэгцээний 75-80 хувийг хангах хүчин чадалтай юм. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох үед зөвхөн шингэрүүлсэн хийн түлш гэлтгүй шатахуун, түлшийг түгээх боломжтойгоос гадна гаднаас оруулж ирэх тээврийн зардлыг 20-25 хувиар хэмнэх боломжтой юм. Энэхүү төслийн ажилд Дашваанжил компанийн хамт олны оролцоо туршлага, мэдлэг чадвар юу юунаас чухал болохыг онцолж, компанийн удирдлагуудтай санал солилцлоо.