/images/icons/menu.png
Утаагүй ирээдүй
Эх сурвалж: Дашваанжил ХХК | 2022/09/14 | Мэдээ мэдээлэл

Нийслэл хотод дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй аж ахуй нэгжийн 182 зуух, технологийн уур үйлдвэрлэх 68 аж ахуй нэгжийн 88 уурын зуух, 200 мянган тооны өрх хатуу түлш хэрэглэж байна.

Манай улсын агаар мандалд ялгаруулж буй гол бохирдуулагчид нь хүхэрлэг хий (SO2), азотын исэл (NOx), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), хүлэмжийн хий - нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), аммиак (NH3), метан бус дэгдэмхий органик нэгдлүүд (NMVOC), метан (CH4), азотын исэл (N2O) байдаг ба эдгээр хорт хий нь хатуу түлшээс шууд хамааралтай юм.

Утаа нь зөвхөн амьсгалын системд төдийгүй зүрх судас, мэдрэл, нөхөн үржихүйн системд хортой нөлөө үзүүлдэг.

АШУҮИС-ийн сургуулийн судалгааны баг АНУ-ын Беркелей дэх Калифорнийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачидтай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна. Судалгааны үр дүнд дараах сэтгэл сэрдхийлгэм дүгнэлтийг гаргажээ.

1.  Утаанаас шалтгаалан өвчний төрөл зүйл олширч байна. Улаанбаатар хотын иргэдийн дунд уушгины хавдар, зүрхний өвчлөл, астма түгээмэл, бага насны хүүхдүүд хатгалгаа тусах нь их болж, цусны даралттай хүмүүс эрс олширчээ.

2.  Утаа жирэмсэн эмэгтэйчүүдийн хэвлий дэх ургийн жин багасахад нөлөөлдөг. Энэ нь эмэгтэйчүүдийн тамхидалттай хавсарснаар хүүхэд 225 граммаар бага жинтэй төрөхөд хүргэж байна. Ийм хүүхэд суурь өвчтэй, өвчлөмтгий, нас богинотой байдаг.

3.  Агаарын бохирдлоос болж цус харвалт, цусны даралт ихсэх, астма илт залуужсан байна.

4.  0-5 насны буюу бага насны хүүхэд утаа, тоосжилтод хамгийн их өртдөг. 2014 онд гэхэд 120 хүүхэд 1200-1300 том хүн агаарын бохирдлын улмаас өвдөж нас барсан.

5.  Нийслэл дэх 220 мянган сурагчийн 9000 нь буюу 5 хувь нь уушгины архаг бронхиттой, сүрьеэгийн далд халдвар тээгч байна.

6.  15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар сурагчдын 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн 30 хувь нь халдвар тээгч, хүүхдүүдийн уушги 20 жил тамхи татсан хүнийхтэй ижил гэмтэлтэй байв.

7.  Нийслэлд үр зулбалт тавдугаар сард 1000 төрөлт тутамд 23 байсан бол утааны оргил үе арван хоёрдугаар сард 73 болж өсдөг.

8.  Улсын хэмжээнд амьгүй төрсөн мянган ураг тутмын 6.8 хувь нь өсөлтгүй байсан бол нийслэлд 7.8 хувь өсөлтгүй жирэмслэлт тохиолджээ.

Дэлхийн улс орнуудын утаанаас салсан туршлагаас:

  1. ИХ БРИТАНИ улс, Лондон хот

Түүхэнд “The Great Smog” буюу “Их Утаа” хэмээн нэрлэгдэн үлдсэн гамшиг 1952 оны өвөл Лондончуудад тохиолдсон. Ганцхан өвлийн дотор утаа тортгоос болж 12мянган хүн нас барж байсан аймшигт түүх юм. The Great Smog-ын тоосонцорт их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл, давсны хүчил, фторын нэгдлүүд болон хүхрийн давхар исэл агуулагдаж байсан аж. Харамсалтай нь АНУ болон Монгол эрдэмтдийн хамтарсан судалгааны багийн тайлангаас харахад одоогийн Улаанбаатарын утаа The Great Smog-ын хэмжээнд очиход тун дөхөж очжээ. Энэ нь яах аргагүй Улаанбаатарын айл өрх бүрийн хаалганы өмнө түгшүүрийн харанга дэлдээд эхэлснийг сануулж байна!

Лондончууд хэрхэн утаанаасаа салсан бэ?

1952 оноос эхлэн шат дараатай алхмуудыг хэрэгжүүлж ирсэн ч хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь 1956 онд Нэгдсэн Вант Улсын Парламентаас Clean Air Act буюу Цэвэр агаарын хуулийг боловсруулан баталсан юм. Энэ хуульд үйлдвэрийн болон ахуйн бүх зуух, пийшинг нүүрсээр галлахыг хоригложээ. Хэрэгжиж эхэлсэн эхний жилдээ л агаарын бохирдлыг 84% бууруулж чадсан аж. Улмаар энэ хууль бусад агаарын бохирдолтой Европын томоохон хот, улсууд руу дамжсанаар Европ бүхэлдээ байгалийн хийг ашиглах суурь тавигджээ.

  1. АНУлс, Лос Анжелос хот

1950-1960 оны Лос Анжелес хотын оршин суугчид аймшигт утаан дунд өсч том болжээ. Тухайн үед хүүхдүүд гадаа тоглохоо больж, гудамжаар явах хүнгүй болж, эмнэлгүүд өвчтөнөөр дүүрч эхэлсэн байна. Уг гамшгийг бууруулах үүднээс Цэвэр агаарын тухай хууль баталжээ. Тус хуулиар агаарын чанарыг хянах тусгай байгууллагатай болох, бохирдлын хэмжээг байнга тогтоон барих, автомашины эдэлгээнд хяналт тавих, үйлдвэрлэлд шатамхай материал ашиглахгүй байх зэргийг тусгажээ. Энэ хуулийн үр дүнд Лос Анжелос хот 2000 оны эхээр агаарын бохирдлыг хэвийн хэмжээнд тогтоон барьж чадсан болохоо зарласан юм.

  1. НИДЕРЛАНД, Ротордам хот

2010 онд Ротордам хотын ойр орчим дахь үйлдвэрлэлийн бүс нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлын 85 хувийг үйлдвэрлэж байв. Иймээс тус жилдээ агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлтийн эсрэг санаачилга гарч 2016 онд Ротордам хотод шингэрүүлсэн метан хий болон байгалийн хийн байгууламж баригдан ашиглаж эхэлснээр азотын ислийн хэмжээ 90 хувиар буурч, хүхрийн ислийн хэмжээ тоосонцор PM хэмжээ 100% арилсан байна.

  1. ПОЛЬШ улс, Караков хот

2014 онд тоосонцор PM10 хэмжээ жилийн 188 хоногт Европын холбооны зөвшөөрөгдөх хэмжээг давсан юм. 2015 онд Агаарын бохирдлын эсрэг хууль гарч, олон нийт айл өрхүүдэд нүүрсний хэрэглээг хязгаарлаж эхэлсэн бөгөөд 2016 онд Караков хот нь нүүрсний хэрэглээг шууд хорьж, хийн хангамжийн сүлжээг тэлэн нэмэгдүүлж, дүүргийн дулаан хангамж болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж эхэлсэн байна.

  1. ИРЛАНД улс, Дублин хот

1980 онд нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлын утаа 14 хоног Дублин хотыг бүрхэж, нарыг хүртэл харах боломжгүй харанхуй хот болсон гэдэг.

Ингээд тус улсын Засгийн газар 1990 онд нүүрсний хэрэглээг хорьж метан болон байгалийн хийг ахуйн хэрэглээнд нэвтрүүлснээр 1990-2014 онд агаарын бохирдол нь 80-90 хувь хүртэл буурсан байдаг.

2015 оны байдлаар тус хотын нийт айл өрхийн 78 орчим хувь нь байгалийн хийг ахуйн хэрэглээндээ нэвтрүүлж чаджээ.

  1. БНСУлс, Сөүл хот

1980-иад оны үед БНСУ-ын агаарын бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаа дахин их болж аюулт гамшгийн хэмжээнд хүрсэн юм. Энэ аюулт нөхцөл байдал нь мөн л хатуу түлш болох нүүрсийг их хэмжээгээр хэрэглэсэнтэй холбоотой байлаа.

1988 онд, Сөүлийн олимпыг зохион байгуулахтай холбоотойгоор Агаарын бохирдлыг арилгах шинэ төвшний бодлогыг улс орон даяар мөрдүүлж эхэлсэн юм. Тэд агаарын бохирдлоос салахын тулд дараах таван бодлогыг хэрэгжүүлжээ.

•  Томоохон хотуудад хотын хийн хангамжийн нэгдсэн сүлжээг бий болгож айл өрхүүдийг хийгээр хангажээ

•  Дүүргийн дулаан хангамжийн системийг өргөжүүлсэн байна

•  Нүүрс хэрэглэхийг хориглов

•  Хийн түлшээр ажилладаг цахилгаан станцуудыг барьж эхлэв

•  Үндэсний хэмжээнд Эрчим хүчний салбар агаарын чанарыг сайжруулахад анхаарч олон улсын стандартыг мөрдөж эхэлсэн байдаг.

Нүүрсээр ажилладаг зуухыг ХИЙН зуухаар солиход хорт утаа CO – 99%, SO2 – 100%, TSP – 100% буурдаг.

"Хийн Түлш Хөгжилд Хөтөлнө"

Дашваанжил Газ

☎️ 70003311 70003322